Юнител ХХК-ийн Ахлах дизайнер Н.Идэш

Намайг Нямсүрэн овогтой Идэш гэдэг. Манай хамт олон, найзууд Идо гэдэг. 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураасан зураг, график мэргэжлээр төгссөн. 2010 оны наймдугаар сараас М-Си-Эс группын Юнител компанид ажилд орсон. Түүнээс өмнө хувийн студитэй байсан. Юнител группын болон “IT zone”, “Могул” брэндийн дизайны ажлыг гүйцэтгэн хамтран ажилладаг байсан. Харин одоо өөрөө дотор нь орж ажиллаад Юнител группын дизайныг хийгээд явж байгаадаа баяртай байдаг.

Уран бүтээлч хүний хувьд хийж байгаа бүтээлийг захирлуудын түвшинд хүлээж авах, хийж байгаа ажил маань ганц биш олон хүнд хүрч байх гэдэг нь чухал шалгуурууд байсан. Юнител группын логоны дизайныг гаргасан нь миний хувьд том ажил байсан. Одоо ч гэсэн энд тэнд явж байхад орой “Сэнтрал тауэр”-ын дээр “Unitel” гэсэн логотой бичигний гэрэл нь ассан байхыг хараад бахархах сэтгэл төрдөг. Таван жилийн ой, “Таван байр хөтөлбөр”-ийн дизайн гээд л өдөр бүр хийж байгаа ажлаараа бахархдаг. Хүний хэрэгцээнд цөм багтсан гэдэг шиг М-Си-Эс Групп маань энэ бүгдийг хийдэг. Би залуусын хороолол “Вива сити”-д амьдардаг, саяхан нүүж орсон. Найзууд маань манайд ирээд “Танай тавилга, зурагт, Юнивишний кабель, ширээн дээр байгаа кола, ер нь танай цонхоор тусч байгаа нарнаас бусад нь М-Си-Эс-ийнх юм биш үү” гэцгээж байсан. М-Си-Эс хүний хэрэгцээнд цөм багтсан бүгдийг хийдэг. Тэр ч утгаараа би үүний нэг эд эс нь болоод, хүмүүсийг хооронд нь холбоотой амьдруулж байгаадаа баяртай байдаг.