Ерөнхийлөгчийн үг

Ж. Од

М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийн үг

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж хувийн хэвшлийн нэгжүүд түрүүчээсээ байгуулагдаж эхлээд удаагүй, хувиараа үйлдвэрлэл, худалдаа эрхлэх санхүүгийн боломж хомс байх үед М-Си-Эс компани нь зөвлөгөө өгөх буюу оюуны  чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан билээ. Анхдагчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд компанийн үйл ажиллагаа тогтворжин харьцангуй богино хугацаанд хөл дээрээ босч, хөрөнгийн хуримтлал бий болж, улсын эдийн засаг сэргэн хувийн хэвшлийн чадавхи нэмэгдэхийн хэрээр худалдаа, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй ажиллах болсон.

Шилжилтийн тэрхүү хүнд цаг үед үүсгэн байгуулагдаад удаагүй хувийн компаниудад байтугай улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас төр засагт хүртэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх санхүүжилт, төсөв хязгаарлагдмал, үүссэн цахилгааны болон бараа бүтээгдэхүүний хомсдолыг богино хугацаанд давж туулахад зайлшгүй хэрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олон улсын байгууллага, гадаадын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хийж байсан юм. Тиймээс олон улсын байгууллагын тавьдаг өндөр шаардлага, дүрэм журмын дагуу шударга шалгаруулдаг тендерт М-Си-Эс компани нь оролцож Монголынхоо инженер, техникийн ажилтнуудыг нэгтгэн, голдуу гадаадын туршлагатай компаниудтай өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарч эрчим хүч, инженерингийн төслүүдийг төлөвлөхөөс нь түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг бүхий л шатанд гардан хийх явцдаа удирдан зохион байгуулах, гүйцэтгэн биелүүлэх ихээхэн мэдлэг, чадавхи, туршлага хуримтлуулсан билээ.

Ингэснээр 2000-аад оны эхээр М-Си-Эс компани нь өндөр боловсрол, чадавхитай мянга гаруй залуу инженер, техникийн ажилтан, боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний хэмжээний томоохон төслийг бие даан хэрэгжүүлэх, гадаад дотоод дахь түншүүдийнхээ итгэлийг даах чадвартай хувийн өмчийн шилдэг компаниудын нэг болон хөгжлийн дараагийн шатандаа дэвшсэн юм. Группийн үйл ажиллагаа олон улсын байгууллагуудад үнэлэгдэж нэр хүнд нь дотоод гадаадад өсөхийн хэрээр гадаадаас босгох зээлийн хүү буурч, хэмжээ, хугацаа, баталгаа нэмэгдсэн нь эх орондоо томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг цогцлоох боломжийг нээсэн билээ.

М-Си-Эс Групп нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь улс орны хөгжилд шинэ түрлэг нэмэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм, хүмүүст үр өгөөжөө илүүтэй өгөхөд анхаарахын зэрэгцээ үндэсний олон компанийг төслийн үйл ажиллагаанд татан оролцуулж чадавхийг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгож тогтвортой хадгалах замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг чухалчлан, хийх ашгийг урьтал болголгүй зээлийн эргэн төлөгдөх эрсдэлийг өөртөө үүрч ажиллаж ирсэн, хойшид ч энэхүү бодлогыг баримтлах болно.

М-Си-Эс Группийн сүүлийн үеийн бүтээн байгуулалтуудын онцлог нь ийнхүү бизнесийн болон нийгмийн эрх ашгийг зохистой хослуулахад оршиж байгаа бөгөөд Ухаа Худагт цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, ус хангамжийн систем, нисэх буудал, үйлдвэрлэлийн автозам, хүнд машин механизмын засварын станц зэргээс бүрдсэн аж үйлдвэрийн цогцолборыг дагалдуулан 650 айлын орон сууцны хороолол, олон улсын стандартын цэцэрлэг, сургууль, дотуур байрны цогцолбор, ажилчдын кэмп зэрэг нийгмийн томоохон төслийг хэрэгжүүлсэн нь улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засаг болон монгол хүний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ.

М-Си-Эс Групп нь хөрөнгө оруулсан салбар бүртээ шинэчлэл авчирсан бүтээн байгуулалтын бахархам түүхтэй билээ. Эдгээр бүтээн байгуулалт бүрт монголчуудын мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр, бүтээл шингэсэн юм. Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгийн зарим сумдыг эрчим хүчний хязгаарлалтаас гаргаж төвийн эрчим хүчний сүлжээтэй холбосон-Цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалт, үүрэн холбооны технологийн хөгжлийг хот хөдөөд түгээсэн-Юнителийн бүтээн байгуулалт, телевиз, суурин утас, интернэтийн гурвалсан үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн-Юнивишнийн бүтээн байгуулалт, дэлхийн брэндийг Монголд үйлдвэрлэсэн-Кока Кола, Тайгерийн үйлдвэрийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн оффис болон орчин үеийн хорооллыг барьж байгуулсан-Сентрал тауэр болон Белла виста, Будда виста, Вива сити хорооллын бүтээн байгуулалт, спорт аялал жуулчлалын шинэ стандартыг бий болгосон-Скай Резорт цанын бааз, гольфийн талбайн бүтээн байгуулалт өнөөдөр Олон улсын эмчилгээ оношилгооны төв, таван одтой дэлхийн сүлжээ Шангри-Ла зочид буудлын бүтээн байгуулалтаар өртөөлөн үргэлжилж байна.