Танай компанийг Хятадын оролцоотой гэдэг үнэн үү?

Өдөр тутмын нэгэн сонинд танай компанийг үндэсний хөрөнгө оруулалттай гэхээсээ илүүтэй Хятадын оролцоотой гээд үүнийгээ нотлохын тулд Сэнтрал тауэрын вэб сайтад БНХАУ-ын Шангри-Ла Ази, Керри группын танилцуулга байдаг гэсэн байна. М-Си-Эс компанийн хувь нийлүүлэгчид дотор Хятадын хөрөнгө оруулагч байдаг юм уу?

-Нэгд, Улс төрийн зорилгоор ийм яриаг зориуд үе үе гаргадаг тул нэг мөр хариулт өгье. М-Си-Эс бол мэдээллээ нуудаггүй компани. Мэдээллээ албан ёсны вэб сайттаа байнга тавьж ирсэн. Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалтын мэдээлэл ил тод байх ёстой гэсэн зарчмыг бид баримталдаг. Тиймээс манай толгой  компанид хувьцаа эзэмшдэг гадаадын тэр тусмаа Хятадын харьяат иргэн, байгууллага огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

М-Си-Эс Холдинг ХХК-ийн хувь нийлүүлэгчид:

  • Жамбалжамцын Оджаргал          
  • Жамбалжамцын Од                       
  • Дамдинсүрэнгийн Энхцэцэг        
  • Лхагваагийн Элдэв-Очир              
  • Лувсанцэрэнгийн Энх-Амгалан  
  • Даш-Өлзийгийн Бадамцэцэг       
  • Дашцэрэнгийн Энхтүвшин           
  • Адилбишийн Ганхуяг                     
  • Базаррагчаагийн Отгончимэг      
  • Очирваанийн Чимгээ                     

Түүнчлэн тус компанид олон жил тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа 40 орчим хүний хувьцаа эзэмших асуудал тодорхой шатандаа явагдаж байна.

Хоёрт, Сэнтрал тауэр барилга нь үл хөдлөх хөрөнгийн түрээс, барилгын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Шангри-Ла Улаанбаатар компанид харьяалагддаг. Тус компанийн хөрөнгө оруулагчид нь Шангри-Ла Ази компани /51%/, М-Си-Эс Пропертийз Холдинг /49%/ компани юм. Шангри-Ла Ази, Керри нь БНХАУ-ын компаниуд бус, харин Сингапур, Хонг Конгийн олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат компаниуд гэдгийг интернэтээс хайгаад хялбархан тогтоож болох билээ.

Үүнээс гадна М-Си-Эс компани нь  Голландын Хайнекен, Өмнөд Солонгосын Самсунг, Их Британийн WPP зэрэг гадаадын нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын зэрэгцээ Петровис, Шунхлай гэхчлэн үндэсний томоохон компаниуд болон 2000 гаруй туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй.