Ухаа Худагийн уурхайгаас төр хувь эзэмших ёстой гэж зарим хүмүүс ярьдаг. Ийм үндэслэл бий юу?

2006 онд шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон орд газрын төрийн мэдлийн хувь 51 хүртэл” байх ёстой байдаг. 2008 оны 3 дугаар сард Засгийн газраас Энержи Ресурс компанид албан ёсоор хүсэлт тавьсны дагуу тус компанийн эзэмшиж байсан том Тавантолгойн лицензийг төрд буцаан авах тухай хэлэлцээр хийгдэж эхэлсэн. Засгийн газар Энержи Ресурс ХХК-тай албан ёсны хэлэлцээр хийсний үндсэн дээр том Тавантолгойн ордын 51% байтугай 96%-ийг нь төрд буцааж авсан.

Төр нэгэнт ордын 96 хувийг дайчлан авсан учир үндсэн хуулийн “Хэрэв төр хувийн өмчийг дайчилж авбал нөхөн олговор олгоно” гэсэн заалтын дагуу Тавантолгойн ордын нийт талбайн 4 хувь, нөөцийн 6 хувьтай тэнцэх Ухаа Худаг ордыг Энержи Ресурс компанид нөхөн олговор болгон үлдээсэн. Энэ бүх үйл явц хууль журмын дагуу явагдсан эсэхийг шат шатны хууль хяналтын байгууллагууд удаа дараа шалгаж үзсэн. Хамгийн сүүлд Үндэсний аудитын газраас зөвхөн энэ лицензийн асуудлаар шалгалт хийж үзээд, тухайн үеийн хууль, журамд бүрэн нийцжээ гэдэг дүгнэлтийг албан ёсоор гаргасан. Дүгнэлт, тайлан нь ч олон нийтэд нээлттэй байгаа.