М-Си-Эс төрөөс олон тендер авсан гэж яригддаг. Энэ тухайд?

Зах зээлийн эхний жилүүдэд хувийн хэвшил байтугай манай төр засагт ч хөрөнгө оруулалт хийх бололцоо хомс байсан. Ихэнх хөрөнгө оруулалт Азийн Хөгжлийн Банк (АХБ), Дэлхийн Банк (ДБ) болон гадаадын зээл тусламжаар хийгдэж байсан. Тэд нарийн дүрэм журмын дагуу олон улсын тендер зарлаж, гол төлөв гадаадын мэргэшсэн компаниуд шалгарч ажил үйлчилгээ гүйцэтгэдэг байв. Энэ үед М-Си-Эс дотоодын инженер техникийн ажилчдыг нэгтгэн, эхлээд туслан гүйцэтгэгчээр, сүүлдээ бие даан тендерт амжилттай оролцож эхэлсэн. Тендер буюу сонгон шалгаруулалтанд эхний ажлаа сайн хийвэл дахин сонгогдох магадлал өсдөг хуультай билээ. Иймд М-Си-Эс хариуцсан үүргээ ямагт цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд хийсээр ирсэн тул АХБ, ДБ зэрэг олон улсын байгууллагуудын найдвартай түнш болж чадсан нь манай хамт олны бахархал мөн. Компани өсч томрохын хэрээр манай бизнест эзлэх тендерийн хувь буурсаар ирсэн.

2012 оны байдлаар М-Си-Эс Группт тендерт оролцдог хоёр компани байсан бол 2013 онд тэдгээрийн нэг М-Си-Эс Электроникс тусдаа гарснаар М-Си-Эс Интернэйшнл компани үлдсэн. Засгийн газрын худалдан  авах ажиллагааны www.e-procurement.mn сайтын мэдээллээс харахад  төрөөс зарласан 6,399 тендерийн 136-д  буюу 2 хувьд нь дээрх 2 компани шалгарч, ажлаа амжилттай гүйцэтгэсэн байдаг.

Сүүлийн 3 жилийн байдлаар М-Си-Эс Интернэйшнл компанийн орлогын 2 хувийг, М-Си-Эс Электрониксийн орлогын 10 хувийг төрийн тендерээр гүйцэтгэсэн ажил бүрдүүлсэн байдаг. Өнөөдөр М-Си-Эс тендер авдаг биш харин үндэсний компаниуддаа тендер өгдөг компани болсон. Зөвхөн 2011 онд гэхэд 940 тэрбум төгрөгийн ажил, үйлчилгээ, дотоодын компаниудаас авсан байна.